Гарамжав Цэдэнгийн

Бизнес эрхлэгч, улс төрч, 2016-2029 онд Улсын Их Хурлын гишүүн


1981 онд МУИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг инженер, геологич мэргэжлээр төгсчээ. Дараа нь 1984 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн уул уурхайн факультетыг хөрс судлаач мэргэжлээр төгссөн гэж албан ёсны намтартаа бичсэн бол сонгуулийн сурталчилгааны сэтгүүлдээ дээрх сургуульд “инженер геологич мэргэжлээр мэргэшсэн” гэжээ. Яг хэдэн онд Москва явж ямар байдлаар суралцсан (хугацааны хувьд дахиад нэг дээд сургууль төгсөх боломжгүй) нь тодорхой биш байна. Бодвол ямар нэгэн курс, сургалтанд явсан, бас эчнээгээр суралцсан байх.

Түүний албан ёсны намтарт “1983-1989 онд Барилгын зургийн инститэд инженер, Геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч, 1989-1992 онд Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2012 онд Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан бөгөөд 2012-2016 онд Монполимет группийн зөвлөхөөр ажилласан” гэжээ. Харин сонгуулийн сурталчилгаандаа “1988 оны сүүлч, 1989 оны эхээр Барилгын зургийн төв институт дотроо арван хэдэн пүүс болон задарч, түүний ажиллаж байсан лаборатори Хөрс судлалын пүүс болж бие даалаа. Харин 1991 оноос хоршоолол, 1992 онд компани болон өөрчлөгдөв. Хамт олон нь “Мөнхмандах” хэмээн нэрийдсэн компанийхаа захирлаар Гарамжавыг сонгожээ. Энэ нь өдгөөгийн хүчирхэг групп Монполиметийн эхлэл байсан юм” гэж бичжээ. Тэгэхээр Ц.Гарамжав нь тэрхүү Хөрс судлалын пүүсийг хувьчилж аваад Монполимет болгосон гэж ойлгогдож байна.


Эцэг эх (Эцэг эхийн нэр овог, тэдний намтрын огноо, үндэс угсаа, оршин сууж байсан газар, эрхэлж байсан ажил албан тушаал, төрсөн болон бусад онцлох ах дүү, хамаатан, хүүхэд нас, суралцсан дунд сургууль, хаана, хэдээс хэдэн онд гэх мэт)

Аав Д.Цэдэн нь 17 насандаа Булган аймгийн Халиун сумын багийн дарга хийж байгаад цэрэгт татагдан ирээд сургуульд орж санхүүч мэргэжил эзэмшин Улаанбаатар хотын иргэн болсон аж. Ардын армийн санхүүгийн албанд олон жил ажиллажээ. Түүнийг “Дэд хурандаа Цэдэн буюу өндөр Цэдэн” гэж дууддаг байж. Ээж З.Дэмбэрэл нь мөн санхүүч мэргэжилтэй хүн байв. Гарамжав эмээ Норжмаагийнхаа гар дээр өсч хүмүүжжээ. Өвөг эцэг нь “харцага” Дамдин хэмээх шаггүй барилдчихдаг, мал хуй ихтэй хүн байж. Тэдний адуун сүргээс “Цогт тайж” киноны зураг авалтад дайчилж байжээ.

Гарамжав нийслэлийн 4 дүгээр бага сургуульд элсэж, 5-10 дугаар ангидаа нийслэлийн 33 дугаар сургуульд суралцан 1975 онд төгсчээ.


Боловсрол, эрдмийн зэрэг цол (Их дээд сургуулийн нэр, элссэн, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэрэг цол, хамгаалсан сэдэв, огноо)

1981 онд МУИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг инженер, геологич мэргэжлээр төгсчээ. Харин 1984 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн уул уурхайн факультетыг хөрс судлаач мэргэжлээр төгссөн гэж албан ёсны намтарт бичсэн бол сонгуулийн сурталчилгааны сэтгүүлдээ дээрх сургуульд “инженер геологич мэргэжлээр мэргэшсэн” гэж бичжээ.

Италийн Ром хотноо олон улсын ашигт малтмалын гэрээ, эрх зүйн мэргэжилтний сургалтад 1994 онд хамрагдсан байна.


Ажилласан байдал (тухайн ажил, албан тушаалд орсон огноо, хашиж байсан албан тушаалын нэр, гарсан огноо, хэрвээ мэдээлэл байгаа бол шалтгаан)

1983-1989 онд Барилгын зургийн институтэд инженер, Геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч, 1989-1992 онд Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан байжээ.

“1988 оны сүүлч, 1989 оны эхээр Барилгын зургийн төв институт дотроо арван хэдэн пүүс болон задарч, түүний ажиллаж байсан лаборатори Хөрс судлалын пүүс болж бие даалаа. Харин 1991 оноос хоршоолол, 1992 онд компани болон өөрчлөгдөв. Хамт олон нь “Мөнхмандах” хэмээн нэрийдсэн компанийхаа захирлаар Гарамжавыг сонгожээ. Энэ нь өдгөөгийн хүчирхэг групп Монполиметийн эхлэл байсан юм” гэж сонгуулийн сурталчилгаандаа танилцуулжээ.

Харин албан ёсны намтартаа 1992-2012 онд Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан бөгөөд 2012-2016 онд Монполимет группийн зөвлөхөөр ажилласан гэжээ.


Улс төрийн замнал

Ц.Гарамжав 2012 оны 2 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллажээ.

2016 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж нийт сонгогчдын 39.46 хувь буюу 9241 хүний санал авч Монгол Улсын Их Хурлын гишүүнээр анх удаа сонгогдсон байна.

2016-2017 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.


Улс төрийн үйл ажиллагаа, үзэл бодол, байр суурь (Улс төрийн ба төрийн бус байгууллагын гишүүнчлэл, огноо, сонгуульт ба бусад албан тушаал, огноо, тодорхой үйл явдал буюу асуудалд оролцсон байдал, дуулиан шуугианд холбогдсон ба хуулийн хариуцлага хүлэээсэн байдал, илэрхийлсэн байр суурь, бичсэн, хэлсэн үгний ишлэл)


Бусад хүмүүсийн үнэлэлт (магтаал, шүүмжлэл, ишлэл хэлбэрээр)

УИХ-ын сонгуульд 2016 онд нэр дэвшихэд нь Гавьяат эдийн засагч С.Нямзагд ”Ц.Гарамжавын ачаар бид цементээ дотооддоо үйлдвэрлэж чаддаг боллоо”, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө “Тэр 1000 шахам хүний амьдралыг авч яваа жинхэнэ лидер эмэгтэй”, сэтгүүлч Б.Ганчимэг “Хүссэн болгон Ц.Гарамжав шиг дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийж чаддаггүй” хэмээн тодорхойлж байжээ.


Хөрөнгө орлого, зарлага, ашиг сонирхол

Авилгатай тэмцэх газарт гаргасан 2018 оны Хөрөнгө орлого, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээс нь үзвэл тэрбээр 32 сая төгрөгийн орлоготой, 217 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, зуслангийн байшингүй, Монполимет ХХК, Монцемент билдинг материалс ХХК, Оптима финанс ХХК, Монполимет пропортиз ХХК-иудыг 25%, 20%, 13%, 25 хувиар өмчилдөг, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө нь 87 сая төгрөг гэжээ. Харин бусдаас 12 тэрбум 252 сая төгрөгийн авлагатай нь анхаарал татах аж.

Тэрбээр Монполимет ХХК-г охин Н.Уртнасан ба Н.Мөнхнасан хоёртой хамтран эзэмшдэг бол Мон цемент билдинг материалс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад харъяалагдах Европын сэргээн босголт, хөгжлийн банк ба Монполимет ХХК юм.

Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет групп Хөгжлийн банкнаас 126.6 тэрбум төгрөг зээлсэн гэж 2017 оны 12 дугаар сард мэдээлж байсан бол “Зууны мэдээ” сонины 2019.04.09-ний 72 дугаарт Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийг зарлажээ. Тэнд дараах баримт нийтлэгдсэн байна.

Монполимет ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутаг – Тосонгийн дэнжид MV-000184, Тосонгийн гольдролд MV-000321, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Бүдүүн голд MV-000191 дугаартай алтны, Дорноговийн Өргөн сумын нутагт барилгын материалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.

Харин Монцемент билдинг материалс ХХК нь мөн Дорноговь аймгийн Өргөн сумын Сэнжит худаг хэмээх газар MV-018964 ба MV-013681 дугаартай барилгын материалын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Улсын бүртгэлд Ц.Гарамжав болон түүний гэр бүлд хамаатай дараах хуулийн этгээд бүртгэгджээ. Үүнд,

Монцемент продакшн энд трейд ХХК (хувьцаа эзэмшигч нь Н.Мөнхнасан), Тосон-Алт” ХХК (Гадаадын хөрөнгө оруулалттай, хувьцаа эзэмшигч нь Ц.Гарамжав, Япон улсын иргэн Takagi Hideki ба Монполимет ХХК).

Монголын ашигт малтмал эрхлэгчдийн нийгэмлэг (удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав), “Булган хишиг хөгжил сан” (хувьцаа эзэмшигч Ц.Гарамжав).


Хувийн амьдрал (гэр бүл, хүүхэд, тэдгээрийн эрхэлж буй ажил, ач зээ, онцлох ах дүү, хамаатан, амьдардаг газар, хөрөнгө орлого, зарлага, хобби, шашин шүтлэг)

Дөрвөн хүүхэдтэй.

Том охин Н.Мөнхнасангаа 14 настайд нь америк багшид даатган АНУ руу сургуульд явуулж сургажээ. 2015 оноос охин Н.Мөнхнасан нь олон улсын хамтарсан Монцемент төслийн удирдагчаар ажиллажээ.

Түүний нөхөр Ч.Алтаннар 2016 оны 9 дүгээр сард “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. АНУ-ын Флоридагийн Их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Төрийн соёрхолт. Флоридагийн их сургууль, Их Британийн Империал Коллежид судлаач багш, Оюутолгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. 2018 оны 5 дугаар сард Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан гэж хэвлэлд мэдээлсэн байв.


Шагнал (төрийн одон медаль, бусад, цол хэргэм)

– Алтан гадас одон /2006/

-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан /2009/


Бүтээл (бичсэн ном товхимол, нийгэм-улс төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл)


Хаяг (шуудангийн хаяг, мэйл хаяг, фэйсбүүк, твиттер хаяг, цахим сайт)

Цахим шуудан: garamjav@parliament.mn
Цахим хуудас: http://garamjav.parliament.mn


Түүний тухай бүтээл, эх сурвалж (ном, сэтгүүл, товхимол, өгүүлэл, кино, бусад уран бүтээл, холбоос)

 

АЛБАН ЁСНЫ НАМТАР

2020 оны 1-р сар. Эх сурвалж: http://parliament.mn/cv/111

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1975 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль
1981 онд Монгол улсын их сургуулийн Геологи уул уурхайн сургууль, инженер, геологич
1984 онд ЗХУ, Ломоносовын нэрэмжит Москва хотын их сургуулийн уул уурхайн факультет, хөрс судлаач мэргэжлээр
1994 онд Итали улсын Ром хотноо олон улсын ашигт малтмалын гэрээ, эрх зүйн мэргэжилтний сургалт

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1983-1989 онд Барилгын зургийн институт, инженер, Геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгч
1989-1992 онд Барилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан
1992-2012 онд Монполимет ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирал
2012.02-2012.09 сард Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайд
2012-2016 онд Монполимет группийн зөвлөх
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

ШАГНАЛ
2006 онд Алтан гадас одон
2009 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
2003 онд Монгол Улсын Уул Уурхайн Тэргүүний Ажилтан

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
garamjav@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://garamjav.parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

 

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s