Оюун-Эрдэнэ Лувсаннамсрайн

Улс төрч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН


Албан ёсны намтар
(2020 оны 7-р сарын 8)

1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургууль, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.


Голден бридж нью монголиа ХХК, түүний дэргэдэх сургалтын төвийг УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй холбодог бөгөөд түүний Харвардын их сургуульд суралцсан төлбөрийг тус компаниас хийсэн гэж эх сурвалжууд мэдээлдэг. Үүнийг шууд нотлох баримт байхгүй бөгөөд 2019 онд тус компанийг Дашбалжирын Өсөхжаргалын нэр дээр шинэчлэн бүртгүүлжээ. Гэхдээ 2015 оны үүсгэн байгуулагчдын жагсаалтад Л.Оюун-Эрдэнийн эхнэр Болдын Туулын нэр бичигдсэн байдаг ба тэрбээр тус компанийн дэргэдэх Голден бридж сургалтын төвийн гүйцэтгэх захирлаар хэсэг хугацаанд ажиллаж байв.


1980 оны 6-р сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд тэдний гэр бүл Хэнтий аймгийн Бэрх тосгонд нүүж иржээ. Аав А.Буянтогтох Бэрхийн уурхайд ажиллаж байсан, ээж Л.Даваасүрэн хөгжимчин. Өвөөдөө үрчлэгдэж тэднийд өссөн ажээ. “Херо Энтертайнмент”-ийн Б.Баатартай нэг эцгийн хүүхдүүд. Дүү Б.Баярнэмэх. 

1998 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-р анги, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн байна. 


2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2008 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийг Боловсрол судлалын магистр мэргэжлээр төгссөн. 

2011 онд Монгол Улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. 


2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч


2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Намбарын Энхбаярыг дэмжих Number One хөдөлгөөн байгуулж ажилласан. 


2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал


2008 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга


2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга


2010 оны 9-р сарын 17-нд МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-ны IV их хурлаар МАХН-ын намын байгуулалтын хэлтсийн дарга байсан Л.Оюун-Эрдэнэ тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Энэ үеэр байгууллагын нэрийг Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо болгон өөрчилсөн байна. 

Тус хуралд танилцуулсан намтарт 2002-2007 онд Дэлхийн Зөн ОУБ-ын салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр, 2008-2009 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2009 оны тавдугаар сараас МАХН-ын Удирдах Зөвлөлийн ХЭГ-т Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоонд 1999 онд, МАХН-д 2000 онд гишүүнээр элсчээ. Хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичсэн. “Алсын хараа” ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан гэжээ.


2011 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга 


2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч


2008 онд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улс төрийн судалгаа хийх, урлаг соёлын арга хэмжээ гээд нийгмийн чиглэлийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр байгуулагдсан Голден бридж нью монголиа ХХК (РД: 5431557) түүнтэй холбоотой. Нотолгоо гэвэл 2015 оны байдлаар үүсгэн байгуулагчдын жагсаалтад Л.Оюун-Эрдэнийн эхнэр Болдын Туул болон Пүрэвжавын Мэндбаяр, Хишгээгийн Нямбаяр, Ишбалдангийн Баярмаа нар орж байв. 

Тус компанийн дэргэдэх “Голден бриж” сургалтын төв нь төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтад ялж Боловсролын яамнаас 2,5 тэрбум төгрөг авсан нь тухайн үедээ ихээхэн шуугиан дэгдээж өрсөлдөгч компаниуд шүүхээр заргалдаж байв. Тус сургалтын төвийн гүйцэтгэх захирлаар нь Болдын Туул хэсэг хугацаанд ажилласан байна.  

2014-2015 онд энэ компанийн дансаас Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Харвардын их сургуульд суралцсан төлбөрийг хийсэн тухай гэж зарим эх сурвалж мэдээлдэг ч өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй. 

Одоо хуулийн этгээдийн улсын бүртгэлд Голден бридж нью монголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүнээр 2019 оны 2-р сарын 27-нд Дашбалжирын Өсөхжаргалын нэр бичигдсэн байна. 


2011 оны 10-р сард МАСЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн хамт АНУ-д очиж тэнд амьдардаг иргэн Мижидийн Ариунбатыг НАМЗХ-ны АНУ дахь төлөөлөгчөөр томилж тэмдэг, туг гардуулжээ. 

2012 оны 10-р сард М.Ариунбат дээрх хоёрын хүсэлтийн дагуу нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ба МАН-ын нэр бүхий гишүүдэд зориулсан сургалтыг АНУ-д зохион байгуулсан боловч ирсэн хүмүүс сургалтандаа суугаагүй буцсанаас болж мөнгө төгрөгний асуудал үүсч М.Ариунбат ба Виржини мужийн Tysons College шүүхэд хандсан байна. Үүний эсрэг Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нар нэг сая долларын сөрөг нэхэмжлэл гаргасныг АНУ-ын шүүх 2014 оны 12-р сард хэрэгсэхгүй болгожээ.  

Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дахин 20 хүнийг АНУ руу явуулахын тулд Tysons College-ийн Ерөнхийлөгчийн урилга дээрх гарын үсэг, бас МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн гарын үсгийг тус тус хуурамчаар үйлдсэн талаар МАН-ын хэсэг гишүүд намынхаа хяналтын хороонд мэдээлж байжээ. 


2012 оны 04-р сарын 16-нд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ АНУ-ын Ричмонд хотноо Social Democracy Mongolian Youth Union Corporation гэдэг компанийг байгуулсан. Нэр нь НАМЗХ-нын нэрийн орчуулгатай бараг дүйж байгаа юм.


2013 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн мэргэжлийн англи хэлний хөтөлбөрт суралцсан


2015 оны 4-р сарын 12-нд болсон НАМЗХ-ны бага хурлаар Л.Оюун-Эрдэнэ тус байгууллагын  Ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлджээ. 


2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд (Harvard University. John F.Kennedy School of Government)-д суралцаж магистрийн зэрэг хамгаалсан. 


2015 онд “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулсан. Тэргүүн гэж зарласан. Гэхдээд Ганбатын Гантуяагийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлжээ.   


2016 оны УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 41-р тойрогт МАН-аас нэр дэвшиж 52,83 хувийн санал авч сонгогдсон. 


2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад хандаж дараах албан бичгийг явуулжээ.  

Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нараас … МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн  МАН-ын гишүүн Нямаа овогтой Энхбаатарыг МИАТ хувьцаат компанийн дэд захирлаар томилуулан ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан тоот ирүүлжээ. УИХ-ын гишүүдийн энэхүү хүсэлтийг МАН-ын дарга болон Удирдах зөвлөл бүрэн дэмжиж байгааг үүгээр уламжилж байна” гэжээ. 

Н.Энхбаатар нь У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байжээ.

2020 оны 3-р сард бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэргээр АТГ-д шалгагдаж байсан “МИАТ” ТӨХК-ийн дэд захиралН.Энхбаатарыг МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилжээ.


2008-2012 он Монгол Улсын Их Хурлын гишүүн байсан, тухайн үед Монгол Улсаас Турк Улсын Истамбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очир Л.Оюун-Эрдэнийг дараах байдлаар тодорхойлжээ: 

Ний нуугүй хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ гээд залуу байна. Би сайн танихгүй л дээ, сайн мэдэхгүй мэндлээд л өнгөрч явсан залуу. Хараад байхад анх улс төрд орж ирэхдээ л их бохир орж ирсэн. Миний санахын орж ирэхдээ л шашны байгууллагуудын мөнгөөр хөдөлж байсан. Энийг бас ярих цаг нь болсон байх.

(2017 оны 8-р сарын 28) 


2018 оны 5-р сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ эхнэр Б.Туулын хамт МИАТ-иар нисэх онгоцны тийз гаргуулж ХБНГУ-ын Берлинд аялсан байна. Тэднийг МИАТ компанийн ажилтнууд, Берлинд түнш компаниудтай хийх бизнес уулзалтад явж байгаа гэж тодорхойлон хамт явсан МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар нь 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарын сурталчилгаанд ажиллаж, дараа нь тэдний хүсэлтээр энэ албан тушаалд томилогджээ. 


2019 оны 01-р сарын 23-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж байх үеэрээ “Жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтийг уриалсан хүмүүс ямар нэгэн албан тушаалд очих нь зохисгүй… энэ соёлыг шинээр хийхийн тулд бид ямар ч албан тушаалд очихгүй. Бидэнд итгэлтэй байж болно гэдгийг албан ёсоор хэлж байна” хэмээн мэдэгджээ.

Харин арваад хоногийн дараа буюу УИХ-ын чуулганы 2019 оны 02-р сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон байна. 


2019 оны 02-р сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн А.Ундраагийн хэлсэн үгнээс: 

Яагаад вэ гэвэл би өнөөдөр та сэтгүүлч мэргэжлээр төгссөн, улс төр судлаачаар бакалаврын зэрэг авсан, боловсрол судлалаар магистрын зэрэг авсан, эрх зүйчээр бакалаврын зэрэг авсан гэх мэтчилэн энэ олон сургуульд сурсан гэж байгаа. Дээр нь англи хэлтэй, орос хэлтэй гэх мэтчилэн намтартаа дурайтал бичсэн энэ бүхэн чинь яг үнэн үү гэдэгт би эргэлзэх эрхтэй. Би энд эргэлзэж байна. Итгэхгүй байна. Тэрийгээ би өнөөдрийн энэ хурлын протоколд хэлж үлдээмээр байна. Мэдээж цаг хугацаатай нэг ажлаа хийж чадах уу, үгүй юу гэдгийг харуулна байх. Дараа дараагийн нэр дэвшигчид сонгогчдын өмнө очихдоо намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасай. Яг хүн ер нь сургуульд сурах боломж олдоогүй ч байж болно шүү дээ. Тэрийгээ ч гэсэн үнэн зөв бичдэг. Амьдралд тохиолдсон юу ч байлаа гэсэн даван туулсан арга замаа, тэр битгий хэл өөрийнхөө хийсэн буруу алдаагаа ч гэсэн зөвөөр нь үнэнээр нь бичиж гэмшлээ ч гэсэн дурайтал бичиж хүмүүст очихдоо үнэн зөв өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгээ үнэнээр нь хэлдэг байгаасай гэсэн тийм шударга үнэн ч худалч биш нийгмийг би хүсэж байгаа учраас өнөөдөр эргэлзэж байгаа гэдгээ итгэхгүй байна гэдгээ өнөөдөр би хэлж үлдээхийг хүсэж байна.


АТГ-т гаргасан 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйд өөрөө жилийн 232,7 сая төгрөгийн, гэр бүл нь 10,8 сая төгрөгийн орлоготой, 210 сая төгрөгийн нэг орон сууц, 80,1 сая төгрөгийн үнэ бүхий малтай, газар байхгүй, 60,5 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй, 112,9 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгө, данс, картны үлдэгдэлтэй гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ дараах компаниудад эзэмшилтэй.

1. Херо энтертайнмент групп ХХК (РД: 6163882)-ийн 50 хувь. Нөгөө 50 хувийг нь “Херо” буюу Бат-Өлзийн Баатар эзэмшдэг),

2. Хүлэг контент ХХК (РД: 6036376)-ийг 100 хувь. Гүйцэтгэх захирал Болдын Туул, түүний гэр бүл


Сүүлийн жилүүдэд Л.Оюун-Эрдэнийн оролцоотой дараах төрийн бус байгууллагууд бүртгэгдэж байжээ.

  • 1. Оюун-Эрдэнэ хөгжил НҮТББ: Хувь эзэмшигчид: Должинсүрэнгийн Золбоо, Лхагвын Оюун-Эрдэнэ, Галиндэвийн Энхжаргал, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  • 2.Сэцэнхан хөгжил НҮТББ: Хувь эзэмшигчид: Должинсүрэнгийн Золбоо, Даваасүрэнгийн Дамдинбазар, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Хаданбаатарын Энхбат
  • 3.Монгол Ардын Намын дэвшилтэт холбоо НҮТББ. Хувь эзэмшигчид: Лувсангийн Энхболд, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  • 4.Нийгмийн ардчиллын хүрээлэн НҮТББ: Удирдах зөвлөлийн дарга: Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Хувь эзэмшил: Нямаагийн Энхбаатар

Гэр бүл: Болдын Туул, 2 хүүтэй.


“Алсын хараа” ном. 2005 он

“Азийн хүлэг улс” ном. 2015 он



АЛБАН ЁСНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ
2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
oyunerdene@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://oyunerdene.parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s