2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид: Тэдний ямар намтартай вэ?

“Заримдаа юуг нууж байгаа, юуг хэлэхгүй байгаа нь тэдний жинхэнэ нүүр царай байдаг”

Энэ өдрүүдэд 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшигчдийн нэрс албан ёсоор батлагдаж эцсийн байдлаар тодорч байна. Сурталчилгаа явуулах хуулийн хугацаа хараахан эхлээгүй ч албан бус сурталчилгаа олон сарын турш үргэлжиллээ. Харин эрх мэдэлтэй хүмүүсийнх өнгөрсөн дөрвөн жилд огт тасраагүй билээ.Энэ олноос хэнийг сонгох вэ? Нэг талаас тэдний зурагтай танилцуулга, мэдээ, ярилцлага, телевизийн нэвтрүүлгүүд, дэмжигчдийн сэтгэгдлийг үзэх юм бол бүгдийг нь сонгосон ч болохоор, нөгөө талаас тэдний эсрэг хэдийнэ эхэлсэн сөрөг сурталчилгааг үзэх юм бол бүгдийг нь шууд үлдэн хөөмөөр санагдана.Тэднийг сайн муугийн буюу УИХ-ын гишүүн байх эсэхийн шалгуур юу вэ? Сонгогч бүрд, дэмжигч ба эсэргүүцэгч болгонд өөр өөрийн шалгуур байж таарна. Тэд чөтгөр ч байсан магтана, эсэхүл бурхан ч байсан муулна. Тэгвэл мөрийн хөтөлбөр шалгуур болох уу? Өнөө цагт сайхан амлахыг хэн ч чадна, бас бүрэн биелдэг мөрийн хөтөлбөр гэж байдаггүй. Ийм учраас сонгогч бидний хувьд хамгийн бодитой шалгуур бол тэдний өнгөрсөн амьдрал, буруутаж зөвдсөн, алдаж оносон, хийж бүтээсэн эсвэл нурааж сүйрүүлсэн ажил юм. Саяхан нэгэн эрхэм “Хүнийг ярьж буй зорилт, амлалтаар нь бус, харин явж ирсэн замаар нь дүгнэ. Хийдэг, бүтээдэг хүн түүнийгээ л үргэлжлүүлнэ. Эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл туулсан зам, бүтээл нь хүнийг хамгийн сайн тодорхойлдог. Зөвхөн их залуу хүн, хүүхдийг л мөрөөдлөөр нь дүгнэдэг” гэж бичсэн байна.

Хүн бүр өөр намтартай, тэр нь хурууны хээ шигээ давхардахгүй учраас нэр дэвшигчид намтраа 1. Үнэн зөв, 2. Бүрэн 3. Ил тод хэлж танилцуулахаас бүх юм эхэлнэ. Хэрхэхийг сонгогчид шийднэ. Сонгууль бол жинхэнэ үнэнийг хэлэх, бас зарим тохиолдолд алдаа оноо буруугаа хүлээн хүмүүсийн итгэлийг олж авах боломж юм.


Нэр дэвшигчдийн намтар, танилцуулга ямар байх ёстой вэ?

  1. Төрсөн он, газар (хүн хаана төрсөн, аль аймаг, сумынх, угсаа гарвал нь түүний бүхий л амьдралын эхлэх цэг юм)
  2. Дунд сургуульд элссэн ба төгссөн он, сургуулийн дугаар буюу нэр (сонгогчдын хувьд нэг сургуулийнх байна гэдэг бол анхаарал татахуйц мэдээлэл юм)
  3. Төгссөн их дээд сургууль, мэргэжил, боловсрол (улс төрчид, албан тушаалтнуудын намтрыг харахад анх олж авсан дээд боловсрол, эрдмийн зэрэг, урт богино хугацааны сургалт семинар, заримдаа танилцах аялалд оролцсоныгоо бүгдийг хольж олон сургууль төгссөн, хэд хэдэн мэргэжилтэй хэмээн танилцуулж байна. Ийм учраас тэдгээр сургууль, сургалт дамжааны албан ёсны нэр, элссэн ба төгссөн огноо болон авсан диплом, гэрчилгээг нэрээр бичих)
  4. Одоо байнга оршин суудаг хаяг (Өөрийгөө сайн дураар олон нийтийн хараа хяналтанд оруулж нээлттэй хүн болж байгаа учраас хаягаа аймаг, нийслэл, сум дүүрэг, хороо, хороолол (хотхон) гэсэн нарийвчлалтайгаар, гэхдээ хувийн нууцаа хамгаалж барилга байшингийн болон хаалганы дугааргүйгээр мэдээлэх. Нэр дэвшигч нь хотоос хөдөө очиж, эсвэл Зайсанд амьдраад Баянхошуунд нэрээ дэвшүүлэх эрхтэй ч тэндхийн сонгогчдын хувьд бодож үзэх нэг шалгуур болдог)
  5. Одоо эрхэлж байгаа ажил, алба, албан тушаалыг үнэн зөв бөгөөд бүрэн бичих. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэж бичих нь хангалтгүй, яагаад гэвэл байнгын ажиллагаатай байгууллага биш юм. Компанитай, бизнес эрхэлдэг хэрнээ нуусхийж ямар нэгэн ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн гэх явдал түгээмэл байдаг
  6. Компани, байгууллагын нэрийг улсын бүртгэлийн дагуу бичих ( “… группийн ерөнхийлөгч” биш, “… групп” ХХК-ийн ерөнхийлөгч гэж бичих. Нийгэмд эсвэл гишүүддээ үйлчилдэг ТББ гэж бүрэн танилцуулахын оронд “… дэмжих зөвлөлийн дарга”, “…. академийн тэргүүн” гэх мэтээр төрийн байгууллага шиг ойлгогдож болохуйцаар томьёолох нь учир дутагдалтай)
  7. Улс төрийн намын харъяалал (янз бүрийн шалтгаанаар өөрийн харъяалагддаг улс төрийн намаас нэр дэвших эрхээ авч чадаагүй хүмүүс бие дааж сонгуульд оролцох, ингэхдээ аль намынх байснаа нуусхийх явдал түгээмэл ажиглагддаг)
  8. Урьд нь хэдэн онд, хаана, аль нам эвслээс болон бие даан УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байснаа дурдах (Энэ нь түүний улс төрийн идэвх, бас туршлагыг илэрхийлэх үзүүлэлт мөн)
  9. Цөөнгүй нэр дэвшигч улс төрийн замналаа УИХ-ын гишүүний (эсвэл сайд, дарга, Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, төлөөлөгчийн гэх мэт) туслах, зөвлөх, бие төлөөлөгчөөр эхэлсэн байдаг ч хэний гэдгийг барагтай бол хэлдэггүй. Чухам эндээс “хэний хүн”, “ямар багт” хамаардаг сэжүүр харагдах учраас сонгогчид мэдэх эрхтэй.
  10. Төрийн шагнал, одон медаль, тэдгээрийг авсан оныг заавал бичих
  11. Ял шийтгэл (нэр дэвшигчид өөрсдөө мэдэгдэж танилцуулна гэдэг бараг найдлагагүй зүйл, гэхдээ тэд нуухыг, дурсахгүй байхыг хичээсэн ч хэвлэл мэдээллийнхэн, тэр тусмаа сонгуулийн  өрсөлдөгчид нь ил гаргаж ирэх нь эргэлзээгүй)

Энэ бүхнийг анхнаасаа үнэн зөв, эмх цэгцтэй мэдээлчихвэл хожим мэдэн будлих явдалгүй, бас тухайн нэр дэвшигч хэр шударга хүн бэ гэдгийг харуулах маш чухал шалгуур юм.


Бид дээрх загварын дагуу намтраа бичиж ирүүлэх хүсэлтийг хэд хэдэн нэр дэвшигчид тавихад УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт бие даан нэр дэвшигч Агваандоржийн Саруул хамгийн түрүүнд хариулсанд талархал илэрхийлье. 

  • 1964 онд Улаанбаатар хотын 2-р төрөх эмнэлэгт мэндэлсэн.
  • 1971-1981 онд нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуульд суралцаж төгссөн.
  • 1983-1988 онд ХБНГУ-ын Иена хотод Шиллерийн Их сургуулийн философийн факультетэд суралцаж төгссөн. Дипломын сэдэв “Сэхээтний давхаргын өөрчлөлт”
  • 1994-1999 онд ХБНГУ-ын Марбург хотын Их сургуулийн философийн факультетэд “Монгол дахь ардчиллын боломж нөхцөл” сэдвээр улс төрийн шинжлэх ухааны докторын ажил бичиж хамгаалсан. Энэ үеэр Германы академик солилцооны албаны тэтгэлэгт хамрагдсан.
  • 2004 онд Австрийн Вена хотын их сургуулийн Улс төрийн институтэд мөн сэдвээр докторын дараах хөтөлбөрт хамрагдаж шилжилтийн үеийн асуудлууд сэдвээр судалгааны ажил хийсэн.
  • 2010-2011 онд ХБНГУ-ын Александр фон Хүмболдын сангийн тэтгэлгээр “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон улсын тэтгэлэгт хөтөлбөр” т хамрагдаж сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих асуудлуудыг судалсан.
  • Өнгөрсөн хугацаанд МУИС ба ШУТИС-д багшилж, дараа нь Монголын Үндэсний ногоон хөдөлгөөн ТББ, Шууд ардчилал хүрээлэн ТББ зэрэгт ажиллаж байсан.
  • Одоо АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ямар нэгэн байдлаар эзэмшдэг хувийн компани байхгүй
  • Одоо гэрээгээр ном нийтлэл орчуулах, жуулчны хөтөч хийх зэрэг ажлыг хувиараа хийж гүйцэтгэдэг
  • Ногоон намын гишүүн байгаад гарсан. Одоо улс төрийн намын харъяалалгүй
  • Өөрийн байгуулсан төрийн бус байгууллага байхгүй. Харин 2010 онд Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулсан хуралд урихад нь очиж оролцсоны дараа намайг 100 шахам үүсгэн байгуулагчийн тоонд оруулж бүртгэсэн байсныг саяхан мэдлээ. Хэрвээ тэд жинхэнэ ардчиллын төлөө ажиллаж байгаа бол дэмжинэ.
  • Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн, Битлз-ийн хөшөөтэй талбайн түүхэн дүр төрхийг хэвээр үлдээхийн төлөөх иргэдийн тэмцэл хөдөлгөөнд идэвхтэй оролцож, улмаар хамгаалж чадсан гэж үздэг.
  • УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаагүй. 2012 онд намайг Иргэний хөдөлгөөний намаас баахан эмэгтэйчүүдийн хамт Сэлэнгэ аймагт миний нэрийг дэвшүүлсэн ч би нэрээ татаад оролцоогүй.
  • 2016 онд нийслэлийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр төлөвлөж байсан боловч бодож байгаад нэрээ татсан.
  • 2008 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарсан хордлогын асуудлаар дуугүй суулт хийсний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа намайг цагдаад өгч шалгуулж байсан.
  • 2008 оны 7 сарын 1-ны хэрэг явдлын дараа хүүхэд залуучуудыг барьж хорьсныг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд Шударга иргэдийн фронт-ын Г.Арслантай хамт суулт хийгээд баривчлагдаж “Дэнжийн мянга”-д 14 хоног суусан.
  • Төрийн одон медаль гэвэл 2017 онд Алтан гадас одон авсан.
  • Би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4-р хороонд буюу 40 мянгатад төрснөөсөө хойш амьдарч байна.
  • 2020 оны УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж байна